Sunday, April 25, 2010

"Windows 7"-г орчууллаа гэнэ үү - 2-р хэсэг

2000 гаруй жилийн тэртээ Бурхны хүү гэгч нэг нөхөр төрөөд, хэдэн хүн дагуулж үлгэр ярьж өгсөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн түүх байдаг. Үхснийх нь дараа дагаж явсан улсууд нь түүний хэлсэн үг гээд , манай Монголынхоор бол ардын аман зохиол шиг ярьсаар ном болгожээ. Энэ библи гээч ном нь дэлхий дээр хамгийн олон хэлнээ орчуулагдсан, хамгийн олон зарагдсан ном гэдэг. Яагаад энийг ингэж олон хэлэнд орчуулчихсан юм болоо? Өнгөн дээрээ бол цорын ганц үнэн мөнийг дэлхийн бүх улс үндэстнээ түгээн дэлгэрүүлж таниулах. Гэвч гол санаа нь бол зүгээр л шашнаа сурталчлах үйл явц.
Гэтэл манай улсад буддын шашны хэдэн лам нар нь юу ч юм бүү мэд баахан юм амандаа үглээд суудаг. Юу гээд байгааг нь ёстой Бурхан Будда, уншиж байгаа шар дээлтэй халзан толгойтнууд л ойлгодог байхдаа. Гэвч манай улсын хүн амын бараг тал нь өөрсдийгөө буддын шашинтан гэдэг ба олонхи нь амьдралдаа буддын шашинтай холбоотой ганц ном уншчихаагүй л байдаг.
Энэ нь магадгүй шар хувалзнуудын ном дор мөргөмүй гэж өмнөө сөхрүүлэх гэсэн "атгаг" санаа нь маш сайн биеллээ олж буйн илрэл биз ээ.
Энэ бүгдийг хараад, өшөө дэлгэрүүлж бодвол нөгөө "Windows 7"-г орчуулах нь зөв юм шиг болж таарч байгаа биз? Хийгдсэн зүйлийг дахиж хийх биш уншиж ойлгоод цааш нь дэлгэрүүлэх гэдэг хүн төрөлхтний хөгжлийн түлхүүр байсан болов уу гэж миний өчүүхэн тархи ойлгодог билээ. Тэгэхээр Mac-OS, Linux, Windows гээд бүх үйлдлийн системүүдийг орчуулж, нөгөө хүүхэд хөгшдийнхөө хэрэглээнд гаргаачээ нөхдөө.
Яагаад гэнэт өмнөхөөсөө өөр юм бичээд явчихваа гэж гайхаж байж болох юм. Учир нь ганц юм бичээдэхсэн чинь хүмүүс "хүчтэй" "шүүмжилж" байна аа. Нөхдөө та нарт баярлалаа. Миний бичсэн юмыг тоож уншиж сэтгэгдэл бичдэгт. Би үүнээс гадна өөр блогтой ба маш олон бичлэгтэй. Олон сэтгэгдэл, шүүмж хүлээж авч байлаа. Харин заримдаа, заримдаа ч юу байхав ер нь шүүмжилсэн маягийн сэтгэгдлүүд үнэхээр сонин санагддаг.
Тиймэрхүү сэтгэгдлийн хандлага нь нэг иймэрхүү байдаг:
1. Би наадахтай чинь санал нийлэхгүй, тийм учраас буруу
2. Чи яасан ч зөв юм бичих ёсгүй
3. Яадаг ч байсан энийг доромжилно шүү

Ажил хэрэг ярьж бичсэн юманд ажил хэрэгч шүүмж өгвөл би хувьдаа талархах болно. Дээрх шашны жишээг татаж үйлдлийн систем, програм хангамжуудыг орчуулах нь зөв гэдгийг тайлбарлаж болох ба, үүнээс гадна өчнөөн олон зөвтгөх жишээнүүд бий. Тэднийг бичиж шүүмжилсэн бол маш их талархах байлаа.
Зөвхөн Энэтхэгээр жишээ татсан чинь өрөөсгөл байна гэдэг бол зөв зүйл ба бас Солонгосын талаар дурьдсан байсан. Би хувьдаа Англи, Солонгос, Хятад, Франц, Итали, Орос зэрэг хэлүүд дээр Виндовс үйлдлийн системийг харж байсан. Өөр маш олон хэлнээ орчуулагдсан байдаг ба Монгол хэл дээр орчуулж гаргах нь буруу зүйл биш тийм үү?

Европын орнууд ер нь л өөрийнхөө хэл дээр орчуулсан байдаг. Гэвч европын ихэнх орны хувьд англи хэл 2 дахь хэл нь болчихсон байдаг. Миний хэлээд байгаа хэл сурах хэрэгтэй гээд байгаа санаа тэдэнд огт хамаагүй. Өнөөдөр англи хэл хаана сайн мэдэж байна, тэнд хөгжил бий. Хөгжил хаана байна, тэнд англи хэл өндөр түвшинд бий. Энэ бол vise-versa.
"Орчуулагчдын" хэлээд, өмнөө түрий бариад байгаа нөгөө хүүхэд хөгшид чинь юу ч болж байсан орчуулахыг нь хүлээгээд суух уу? Монголын хүүхдүүд дэлхий дээр шинээр бий болж байгаа зүйлийг орчуулахыг нь хүлээгээд суудаг байхыг би лав хүсэхгүй байна. Мөн ирээдүйн хөгшид орчуулагдаагүй байна гээд мэдээлэл хүртэж чадахгүй, өнөөгийн хөгшид шиг сууж байхыг би лав хувьдаа хүсэхгүй байна. Улс орон хөгжиж байгаа юм бол 50 жилийн дараах өвгөн, өнөөдрийн өвгөнөөс илүү л "сэргэлэн" байх хэрэгтэй.
Олон хүн Хятадаар жишээ авах дуртай. Хужаа нар өөрсдийнхөө хэл дээр хэрэглээд байна л гэнэ. Хятад ингэхэд хөгжөөд байгаа юм уу? Байшин барилга, эдийн засгийн өсөлт, улсын төсвийн хэмжээг нь харвал гараа алдлаад алдлаад багтахгүй том том тоонууд бий. Гэвч Монголын ирээдүйг хятад тариачин шиг, хятад барилгачин шиг байлгамааргүй байна. Компьютер тоглох мөнгөө олох гэж заазуур балиус, бараг сэлмээр биенээ алдаг байлгамааргүй байна. Улс орны хөгжил өндөр байшиндаа биш хүний хөгжилдөө, хүний толгой дахь мэдлэгээр л хэмжигдэнэ. Тэр мэдлэг, хөгжингүй орнуудын соёл, ёс заншил, нээлтүүдтэй бид хоцрохгүй танилцахын тулд англи хэл л хэрэгтэй. Яагаад гэвэл интернэт чинь англи хэл дээр байдаг шүү дээ? Үгүй юм болов уу? Браузэр дээрээ монголоор бичээд, Обамагийн монголоор хэлсэн үгийг гаргаад ирдэг арга байвал хэлж өгч тус болоорой. Хэлсэн үгийг нь монгол хэл рүү орчуулсан биш, монгол хэлээр хэлсэн үг шүү!
Магадгүй зарим нь Өмнөд Солонгос үйлдлийн системээ солонгос хэлээр орчуулаад хэрэглэдэг, энэ бол өндөр хөгжилтэй улс гэж хэлж болох юм. Зөв өө зөв, 50 жилийн өмнө бид Монгол шиг л байлаа гэж ярих дуртай улс. Яагаад тэд гадаад хэл суралгүйгээр өдий зэрэгтэй хөгжчихсөн юм болоо? Яагаад гэвэл тэр үед дэлхийн бүх улс орон дэлхийн 2-р дайныхаа хямралаас гараагүй, бүгд "нойл"-оос эхэлсэн юм. 2 их гүрний тулааныг дагаж, өөрсдөө бүх зүйлээ бүтээж, 90-ээд он хүртэл 40-өөд жил дэлхийн улс орнууд явж ирсэн. Энэ үед зөв бодлого барьж, хөдөлмөрлөсөн улс орнууд өнөөдрийн хөгжингүй гээч улсууд болчихсон юм гэж надад харагддаг. Эдний нэг нь нөгөө Солонгос орон чинь. Харин энэ үед Монгол юу хийж байсан юм болоо? НҮБ-д элссэн, их удирдагч нь улс орноо хойд хөршдөө өгөх гээд олон нийтийн санал асуулга явуулснаас өөр томоохон үйл явдал болсон эсэхийг яг үүнийг бичиж суухдаа лав санахгүй байна шүү.
Эргээд нөгөө Солонгос руу чинь оръё. Солонгост очоод их сургуулиуд дээр нь очиж шүлсээ гойжуулж байлаа. Мөн том том судалгааны төвүүд дээр нь очиж байдаг гэдгийг нь ч төсөөлөөгүй зүйлүүдийг маань Солонгосын ард түмэн хэрэглэж байгаад үнэхээр атаархаж байв. Очиж үзсэн газруудын нэг нь KARI гэгч Солонгосын сансар судлалын институт. Хиймэл дагуулаа хийж байгааг нь дээрээс нь яг л Америк кинон дээр гардаг лаборатори шиг харж явсан юм. Би биш юм аа гэхэд, төрөөгүй байгаа хүүхэд маань ийм лабораторит эх орондоо ажиллаж байх болов уу гэж мөрөөдөх, асуух, эргэцүүлэхийн завсар өөртэйгөө ярьж байснаа тодхон санаж байна.
Энэ улс хөгжчихжээ, бид харин тээр хол хоцорчихсон байна. Бид эдний хийснийг үзэж, уншиж судалж, мэдэж авах хэрэгтэй. Гэхдээ, алив орчуулаад өг, би уншъя гэж биш. Өөрсдөө интернэт гэж юмаар хайж олж авч үзэх л чухал. Үүнд Монголын ирээдүйг өнөөдрөөс бэлдэхгүй бол улам л хоцорно шүү дээ.
Загас барьж өгөх биш барих аргыг нь зааж өг гэдэг хэлц сүүлийн хэдэн жил их хэрэглээд байгаа билүү? Тэгвэл мэдээлэл олж авах хэлийг нь зааж өг, битгий орчуулж өг.

6 comments:

  1. Дээрх бүх нийтлэлийг чинь Англи хэл бол дэлхийн хэл, дэлхийтэй хөл нийлүүлэн хөгжие гэвэл англи хэлээ сур гэсэн хэдхэн үгэнд л багтаачихаж болмоор санагдлаа, ганц Tweet. Их олон дэмий юм нуршиж, их гомдож. Гүй яахав Англи хэл сурч болно. Гэхдээ их л явуургүй зүйл яриад байх юм аа. Уучлаарай. Гэвч бүх хүн эрдэмтэн, зохион бүтээгч, судлаач байна гэж үгүй, болох ч үгүй. Нэг хэсэг нь зохион бүтээж, судлаж, хөгжүүлж, үлдсэн дийлэнх хэсэг нь түүнийг хэрэгжүүлж, гүйцэлдүүлж, үйлдэж байх ёстой. Эцэст нь хэлэхэд заавал англиш хэл сураад байх албагүй давхрага гэж бий, тэдэнд орчуулсан зүйлээ хэрэглэх нь хэрэглээг улам л өндөрсгөнө, хөгжинө.

    ReplyDelete
  2. There are only 10 types of people in the Mongolia: Those who understands English and those(most) who don't

    ReplyDelete
  3. За за больж үз дээ. Хүнээс үг сонссоноороо буруудна гэж юу байх вэ дээ.

    ReplyDelete
  4. Яг зөв, хүнээс үг сонссоноороо буруудна гэж юу байхав. Миний хэлснийг бодож үзэх л хэрэгтэй. Буруудаад байх юм байхгүй шүү

    ReplyDelete
  5. Дээр ярьж байснаараа л Солонгосыг яриад байх юм даа. Жаахан нас яваад ирэхээрээ бодол нь өөрчлөгдөх байлгүй дээ. Тэгвэл Японы жишээг авчихвал яадаг юм бол? Япон яадгийг нэг тайлбарлаад өг.

    Мэдээж Англи хэл сурснаар хожино. Гэхдээ Монгол хэлээ яах гээд байгааг л гайхаад байна. Бид Линуксыг орчуулна гэж зөндөө ярьсан л даа. Монголын зарим компаниуд ч ярьж л байсан. Харамсалтай нь эцсийн хэрэглэгч нь хэн байх вэ гэдэгт бүгд гайхдаг. Өөрөөр хэлвэл бид нар буюу орчуулж байгаа нөхдүүд өөрсддөө зориулж орчуулаад байгаа болж таараад байгаа юм. Яагаад гэхээр өөртэй тань ижилхэн Монгол хэлээрээ уншихаар ойлгодоггүй нөхдүүд хэрэглэхгүй. Тэрнийх нь шалтгаан болохоор нөхөд "хэлбэрдэж" сураад байгаа юм. Нэг ёсондоо уншиж биш дүрсээр нь гэсэн үг. Энэ аргыг бага ангид байхад багш нэг алим дээр бас нэг алим гээд заадагтай зүйрлүүлж болмоор ч юм шиг.

    Үнэхээр л тэгээд яриад байгаа шигээ Англи хэлээр л юм хийнэ гээд байгаа юм бол блогоо ч гэсэн англи дээр бич л дээ. Өөрийн тань ярьж байгаа зүйлсүүдийг ах дүү нар минь Англиар уншиг. Тэртэй тэргүй Монгол хэл "хэрэг"лэгдэхгүй юм чинь.

    Одоо дахиад шүүмжиллээ гээд илт бичээд уурлахгүй л байх л даа. Гэхдээ дотроо дургүй хүрнэ гэж бодож байна.
    Ах дүү нарынхаа талаар бодоод үз л дээ. Юманд чинь цаг хугацаа гэж хэрэгтэй Засгийн газраас ч юмуу гадаадын нэг байгууллагаас айл болгонд нэг "цагаан" ийг байлгаад хэл сургъя ч гэсэн бүх хүмүүс сурахгүй. Учир нь бидний сэтгэхүйд байгаа юм. Тэр сэтгэхгүйг нь өөрчилөхийн тулд багагүй хугацаа хэрэг болно.

    ReplyDelete
  6. Овоо гайгүй шүүмжлэл бичсэн явдалд баярлалаа.
    Шүүмжиллээ гэж огт уурлахгүй, харин шүүмжлэх гэж шүүмжилж байгаа тохиолдолд л дургүй хүрээд байдаг юм.
    Хэлбэрдэж сураад гэдэг үгтэй чинь санал нийлж байна. Монгол хэлээ олигтойхон мэдэхгүй олон хүнийг мэднэ. Гэхдээ уучлаарай, миний хувьд бол би монгол хэлээ нилээн гайгүй түвшинд мэддэг гэж боддог.
    За энэ ч яах вэ, хамаагүй асуудал. Ер нь бол зөвлөхөд дахиад нэг уншчих. Орчуулах дэмий, бүр орчуулмаар санагдаад байгаа бол утгагүй балай орчуулдгаа болиоч ээ гээд байгаа юм.
    Монгол хэлийг устгаад англи хэл оруулж ирье гээд ч байгаа юм биш. Ойлгох гэж оролдож уншвал ойлгоно шүү дээ. Орж ирж уншиж байгаа хүмүүсийг нэг их тэнэг улсууд гэж бодохгүй л байна, тэгээд ч тийм ойлгоход хүнд юм биччихээд суугаад байгаа ч юм биш л дээ уул нь.

    Япон? Дэлхийн бүх улс орноор аялсныхаа дараа л ийм юм бичих хэрэгтэй юм шиг байна гэж ойлголоо.

    ReplyDelete