Sunday, November 21, 2010

Social Network

Сүүлийн үед хүмүүс Social Network гэж киноны тухай их ярив аа хө. Олон ч хүн мессэнжрээр энэ киноны тухай ярилцах гээд байсан нь энэ киног үзнэ дээ гэж бодож байсан бодлыг минь гүйцэлдүүлэв.
Анх уг киноны ирклаам гарч байхад жинхэнэ амьдралаас сэдэвлэсэн гэдгийг нь мэдээгүй байлаа. Гэтэл энэ нь та бидний өнөөдөр, өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байгаа Фейсбүүк гээч юмыг үндэслэгчийн үнэн түүх болж таарав.
Буржгар үстэй царай муутай энэ залуу яагаад ийм их амжилтанд хүрчихэв? гэдэг асуулт үзсэн хүн бүрийн толгойд орж ирээ биз? Марк Зүкербэрг бол байдаг л нэг гийк. Жирийн бодит амьдралд бусадтай адил тоглож наадах чадваргүй сул дорой нэгэн компьютерийн ард ихэнх цагаа өнгөрөөжээ. Пиво уухыг хобби гэж үзвэл пиво уух хоббитой.
Кино маань ингэж эхэлж байгаа: Гол баатар маань найз охинтойгоо бааранд пиво уугаад яриад сууж байна. Найз охин нь түүнийг хаяна, шалтгаан нь тэр бол гийк. Бие бялдрын сул дорой байдал хүнийг асар их дотуур тамиртай болгох тохиолдол байдаг. Миний бодлоор тэр тийм хүн. Түүнээсээ болж найз охиндоо хаягдсан гэж би хувьдаа дүгнэсэн. Ингээд тэрээр энэ бүхнийг бусад жирийн эр хүн шиг хүлээж авч чадахгүй, асар их доромжлуулсан мэт сэтгэгдэл төрнө.
Дотуур байрандаа очиж найз охиноо /эксээ гэвэл зохих ч юм уу/ өөрийнхөө хамгийн сайн чадах зүйлийг ашиглан доромжилно. Үүнийгээ ерөөсөө эмэгтэй хүнээс өшөөгөө авах гэж ойлгосон уу сургуулийнхаа бүх эмэгтэй оюутнуудыг хамруулна...гэх мэтчилэн.
Түүний энэ ажлаас ихэр ах дүү найзтайгаа хамт бизнесийн санаа олон түүнд хэлэхэд тэр түүнийг нь ашиглан энэхүү фейсбүүкийг бий болгоно. Анхны санаа нь өөрөө маш сайн байсан учир тэр дороо амжилт олж, сая сая хэрэглэгчтэй, гол баатар маань дэлхийн хамгийн залуу тэрбумтан болов.
Одоо энд нэг асуулт байна. Тэр яаж тэрбумтан болчихвоо? Өөрийгөө чаддаг мэддэг гэж боддог ямар ч залуугийн хор шарыг хөдөлгөх л зүйл.
Түүнд бизнесийн санаа байгаагүй, мөнгө байгаагүй. Фейсбүүкийг дууриалгаад хий гэвэл, хийж чадах хүн дэлхий дээр мянга мянгаараа бий.
Амжилтанд хүрсэн хамгийн том зүйл нь юу вэ гэвэл, тэр бол АНХДАГЧ. Монголд шинэ санаа, анхдагчийг огт үнэлдэггүй. Харин Марк Зүкербэргийг 25 тэрбумаар "шагнажээ". Гэхдээ мэдээж тэр мань мэт шиг надад санаа байна гээд дээшээ харж хэвтээгүй. Үүнийг би 2-р хүчин зүйл гэж нэрлэнэ-БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ.
Дэлхий дээр хүмүүс ихэвчлэн 2 хэсэг хуваагддаг байлаа. Тархины зүүн тал нь хөгжсөн буюу ном шагайсан "мангарууд". Мангарууд гэдэг үгийг хашилтанд бичсэнийг анхааралдаа авна байх гэж найдаж байна. 2 дахь хэсэг нь тархины баруун тал нь хөгжсөн дуучин бүжигчин, тамирчид гм.
Харин 2ланг нь ижил түвшинд, бүр 2ланг нь өндөрт хөгжүүлсэн хүмүүс нэн ховор. Ийм хүмүүсийн нэг нь Фейсбүүкийг үндэслэгч, киноны маань гол баатар юм.
Одоо харин 3 дахь хүчин зүйлийг нэрлэмээр байна. Энэ нь өмнөх 2тойгоо ижил зүйл биш боловч уг бүтээлийн хувьд дурьдахгүй өнгөрч болохгүй гэж бодлоо. Тэр нь юу вэ гэвэл, тэр бол ХАКЕР. Олон хүн хакер гэж хэн болохыг мэдэхгүй мөртлөө, хакерууд өнөөдөр бидний амьдралд хэчнээн "аюултай" болох талаар лекц уншиж байлаа. Тэр хүмүүс тэр чигээрээ яваг. Харин хакер гэж хэн юм бэ гэж асууж байсан хүмүүст, Фейсбүүкийг чинь бий болгосон энэ этгээд бол хакер юм шүү. Миний компьютер вирустчихлээ гээд, дэлхий сөнөж байгаа юм шиг болдог хүмүүст хэчнээн сайхан санаа, хэчнээн бүтээлч сэтгэлгээ байгаад ийм түвшний веб сайт интернэтэд байрлуулах боломжгүй юм.

Санал сэтгэгдлийг харамгүй "сонсоно".

Monday, June 7, 2010

Програм бичихдээ ямар хэл сонгох вэ?

Програм бичихдээ ямар хэл сонгох вэ? гэдэг асуулт маш түгээмэл тавигддаг. Энэ асуултанд хариулах гэж оролдъё.
Компьютерийн систем нь техник хангамж ба програм хангамж гэсэн 2 үндсэн зүйлээс бүрддэг. Техник хангамж нь нүдэнд үзэгдэж гарт баригддаг бодитой эд зүйлс. Харин програм хангамж нь компьютерт зориулагдаж бичигдсэн програмыг хэлдэг. Програм бичихдээ техникийн талын зүйлийг мэдэхгүй юм уу, чухалчилахгүйгээр бичиж болох ба мөн компьютерийн эд анги буюу техник хангамжийг бүтээхдээ програм хангамжийн мэдлэггүй байж болно. Гэвч энэ 2 зүйл нь салшгүй нягт холбоотой ба бие биедээ нөлөөлдөг зүйлүүд.
Ямар ч програм бичсэн тэр нь нэг бол өөр ямар нэг програмаас хараат, эсвэл техник хангамжаас хараат байдаг. Жишээ нь Фортран гэж програмчлалын хэл дээр програм бичлээ гэхэд энэ нь өөр програм хангамжаас буюу компьютерийн хэл рүү хөрвүүлэгчээс хараат байна. Харин тэр хөрвүүлэгч нь өөрөө техник хангамжаас хараат. Учир нь компьютер 2-тын тооллын систем буюу 0,1-ээс бүтсэн тоон дарааллыг л ойлгодог. Ингэхээр дам дамаар яалт ч үгүй програм хангамж нь техник хангамжаас хараат болдог.
Хүний бичсэн програм хангамж 2-тын тооллын код, 8 эсвэл 16-тын тоолол, эсвэл компьютерийн хэл буюу assembly хэл рүү хөрвүүлэгдэж байж компьютерийн instruction ойлгож ажиллуулдаг.
Одоо бүгдээрээ 2 тоог хооронд нь нэмэх програм бичиж үзье.
2тын тооллын програм:
Location . Instruction code
0 . 0010 0000 0000 0100
1 . 0001 0000 0000 0101
10 . 0011 0000 0000 0110
11 . 0111 0000 0000 0001
100 . 0000 0000 0101 0011
101 . 1111 1111 1110 1001
110 . 0000 0000 0000 0000

16-тын тоололд
Location . Instruction
000 . 2004
001 . 1005
002 . 3006
003 . 7001
004 . 0053
005 . FFE9
006 . 0000

/Цэгүүдийг зөвхөн тусгаарлах зорилгоор бичив/

Assembly хэл дээр
ORG 0
LDA A
ADD B
STA C
HLT
A, DEC 27
B, DEC 52
C, DEC 0
END

Дээрх бичсэн програмуудыг бүр нарийн тайлбарлах нь хэцүү. Үүний тулд бүр компьютерийн бүтцийг эхнээс нь тайлбарлах хэрэг гарна. Бидний дээд түвшний програмчлалын хэл дээр бичсэн програм эдгээр лүү хувиргагддаг. Тэр хувиргалт хийгдэж байгааг нь compile гэж нэрлэдэг. Програм бичсэний дараа compile хийхэд алдаа заадаг нь бидний бичсэн кодыг хувиргасныг нь компьютер ойлгохгүй байгаа гэсэн үг.
Ингэж хувиргалт хийж дахин өөр програм ажиллуулах нь шууд компьютерийн хэл дээр бичсэнээс удаан уу гэвэл удаан. Гэвч дээрх кодуудыг бичсэн шалтгаан маань бидэнд шууд дээрх шиг код бичээд суух нь маш хүнд. Их цаг хугацаа, бага бүтээмж бий болгоно. Мэдээж assembly хэл дээр програм бичдэг үү гэвэл бичдэг.
Харин одоо дээр дурьдагдсан дээд түвшний хэлний тухай авч үзье. 2 тоо нэмэх програмыг Fortran гэж хэл дээр яаж бичигдэхийг харцгаая.

INTEGER A,B,C
DATA A,27 B,52
C=A+B
END

Энийг харахад ойлгомжтой байгаа байх. Integer төрлийн А, В гэсэн 2 тооны нийлбэрийг олж байна.
Өөр програмчлалын хэл мэддэг хүмүүс яг ижил програмыг яаж бичихийг бодоод харьцуулж үзээрэй. Яагаад харьцуулж үзээрэй гэж байгаа юм бэ гэхээр, тухайн програмнаасаа шалтгаалаад хэл болгон дээр өөрөөр бичигдэнэ.
Энд л миний хэлэх гээд байгаа санаа байгаа юм. Програмчлалын хэлний сонголт нь юунд зориулсан, юу хийдэг програм бичих гээд байгаагаас шалтгаална. 500 метрийн цаана байгаа ажил руугаа онгоцонд суугаад очдоггүй. Далайн цаана байгаа арал руу машинаар явна гэж байхгүй. Ер нь бол муу сайн хэл гэж байхгүй, юунд зориулагдсан хэл вэ гэдэгт л байгаа юм.
Хэрвээ хэн нэгэн зөвхөн гар утасны тоглоом бичдэг болно гэж байгаа бол Java л сурсан нь дээр. Хакер болох гэсэн хүн C,C++, Assembly л хамгийн тохиромжтой. Гэхдээ нэг чухал зүйл байдаг нь, огт програмчлал мэдэхгүй хүн, програмчлал ойлгохын тулд эхлээд ямар хэл сурах хэрэгтэй вэ гэдэг асуулт байдаг.
Мэргэжилтнүүд янз бүрийн хэл санал болгодог ба хамгийн түгээмэл санал болгодог 3 хэлийг хэлье.
1. Fortran - Энэ хэлийг санал болгодог шалтгаан нь сүрхий том програм бичиж болдогтоо биш. Хэл нь өөрөө уншихад маш амархан. Pseudocode буюу бид алгоритм бичихдээ англиар бичдэг. Фортран хэл нь яг англи хэлээр шууд бичиж байгаа юм шиг маш ойлгомжтой байдаг болохоор ихэнх сайн програмчлалын багш нар үргэлж энэ хэлийг эхлээд сурвал зүгээр гэж хэлдэг.
2. Pascal - Үүнийг бас л дээрхтэй адил шалтгаанаар санал болгодог. Фортран шиг бүтэн англи үгээр бичээд байдаггүй боловч бусад хэлтэй харьцуулахад бас л нилээн ойлгомжтой хэл. Миний хувьд бол процедур хандалтат програмчлалыг нилээн сайн ойлгож болох хэл. Үүнийг сурчих нэг давуу тал нь: Microsoft Dynamics Navision гэж ERP системийн configuration-ийг хийхэд C/AL editor гэж юман дээр хийдэг. C/AL editor нь Pascal дээр суурилж бий болсон хэл. Ялгаа нь объект хандалтат.
3. С - С is a Sea гэж үг байдаг. Хэтэрхий их зүйлийг агуулсан энэ хэлний талаар хаанаас нь юу гэж хэлэхээ мэдэхгүй юм. Ямартай ч нэг юмыг хэлэхэд Java java гэдэг хүмүүс эхлээд энэ хэлийг сурчихвал java шиг амархан хэл байхгүй болно. Ер нь ч тэгээд java-г хэл гэхээсээ илүү технологи гэдэгдээ.
Миний блогийн нэг бичлэгт энэ талаар гүйцэд бичиж хүрэлцэхгүй учир ингээд өндөрлөе. Бага зэргийн ойлголт өгч чадсан байх аа гэж найдаж байна.

Sunday, June 6, 2010

Blender

Бараг жилийн өмнө эндхийн Linux user group-ийн mailing list-эд орсон юм. Анх бүртгүүлсний дараа нэг уулзалт зарлагдсан боловч жижигхээн шалтгаанаас болж очоогүй юм. Гэтэл түүнээс хойш нэг ч уулзалт зарлагддаггүй өмнөх дээр нь очоогүйдээ харамсаж байтал харин сарын өмнө нэг уулзалт болсон юм.
Уулзалтын сэдэв нь "Blender". IT-ийн төв, бараг хот гэж болохоор газар, нэг компаний байранд болсон юм. Linux user group-ийг компанийх нь сүлжээний админ анх санаачлан бий болгож, дизайнер нь түүнд тусалдаг, яг ажлыг нь 2хон хүн хийдэг цомхон груп болохыг нь мэдэж авлаа. Гэхдээ гишүүд нь бол маш олон. Уулзалтанд 10хан ирсэн нь, уулзалт болсон компаний байр дэндүү холтой холбоотой болов уу гэж бодлоо.
За эргээд компаний талаарх яриа руу оръё. Тус компани нь лайнукс үйлдлийн систем хэрэглэдэг, нийт ажлын 90 гаруй хувь нь лайнукс дээр, тодорхой тооны цөөхөн хэдэн ажил виндовс үйлдлийн систем дээр хийгддэг гэж хэлж байсан. Нэг сонирхолтой нь монгол уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг гэж хэлж байсан. Энэ талаар нэмж асуугаагүйдээ сүүлд нь их харамссанаа хэлэх нь зөв болов уу.
Дизайнер залуу нь өөрөө Blender дээр 10аад жил ажилласан ба энэ програмыг танилцуулсан юм. Миний хувьд 3 хэмжээст програмуудаас 3D's MAX бага зэрэг мэддэг боловч, хойшид Blender гэж уг програмыг судалж 3 хэмжээст ямар нэг юм хийх хэрэг гарвал үүнийг л нээнэ гэж бодож байгаа.
Тийм ч учраас энэ талаарх олж авсан энэхүү жоохон мэдээллийг хуваалцаж байгаа юм. Мэдлэг биш мэдээлэл хуваалцаж байгаадаа хүлцэл өчье.
Яагаад энэ тэгж их таалагдсан бэ? гэвэл:
- Opensource, татаж аваад хэрэглэхэд үнэ төлбөргүй. Хүмүүсийн хийсэн зүйлүүд нь интернэтэд байж байгаа. Нийт 200GB байсан байхаа.Энд дараад сайт руу нь орж үзэж болно.
- Хэмжээ нь маш жижиг. Миний татсан нь 15MB байсан. Энд дараад татаж авч болно.
- Миний мэдэх л бүх үйлдлийн систем дээр ажиллах юм байна лээ.
- Асуухад тодорхой хариулт өгөөгүй боловч, ямартай ч одоогийн байдлаар хамгийн хурдан рендэрлэдэг програм хангамж юм шиг байсан. Дашрамд дурьдахад дэлхий дээр одоогийн байдлаар нийт 200аад 3 хэмжээст програм хангамж байдаг шиг санаж байна.
- Уг програм нь 3 хэмжээст модель, анимейшн хийхээс гадна тоглоом хийж болдог нь маш том давуу тал шиг санагдсан. C,C++, python хэл дэмждэг нь бүр их аятайхан. Дээр нь хийж байгаа тоглоомоо рендэрлэхээсээ өмнө, өөрөөр хэлбэл хийж байхдаа тоглож болж байсан. Гэхдээ үүнд бас тийм ч итгэлтэй биш байна. Өмнө нь compileдчихсан юм уу рендэрлэсэн байж магадгүй.

Заза ямартай ч 3 хэмжээст сонирхдог, юм хийж сурах хүсэлтэй хүмүүст энэ програм хангамжийг санал болгож байна. Crackдчихсан нэг юм суулгах гэж, нөгөөхийнхөө install-ийг олох гэж янз бүр болж байхаар, май энийг хэрэглэ гээд байж байгаа үнэгүй, бас их давуу талтай уг програм хангамжийг хэрэглэх нь илүү дээр болов уу гэж бодож байна.

Thursday, June 3, 2010

Амьдралд хар цагаанаас өөр өнгө бий

Хэдэн юм хэлье гэж бодлоо. Юуны өмнө цөөхөн хэдэн бичлэгтэй блог руу маань тодорхой тооны хүмүүс хандаж орж ирж байгаад баяртай байгаагаа хэлэх нь зөв болов уу. Цаашдаа ер нь тогтмол бичнэ.
Орчуулгын тухай бичсэн маань их олон хүний уур ундууцлыг хүргэж байх шиг байна. Бодвол тэр орчуулагчид болон, орчуулагчдын хамаатан садан болов уу. Үгүй бол хөөрхий уул нь юу гэж тийм хачин үг хэллэгээр хүн доромжилж сэтгэгдэл бичихэв дээ. Эсвэл энэ компьютер гээч юмны ард суугаад удчихсан мэргэжил ойролцоо нөхөд маань ийм гаж сонин харьцааны "соёл"-той юм болов уу? Мэдэх юм алга.
Нөхдөө амьдралд хар цагаанаас өөр өнгө байдаг гэдгийг санацгаая аа. Хүмүүсийн сэтгэгдлийг уншихаар англиар баая гээд уриалчихсан юм шиг санагдаад бичсэнээ дахин дахин уншлаа. Тийм юм алгаа уул нь. Таны жорлондоо ороод хаанахаар дүлэх надад хамаагүй, зөвхөн англиар ярьцгаая гэж мээкээтээд байгаа ч юм биш.
do{ Унш;
}while(Ойлгохгүй байна)
гэсэн зарчимтайгаар бичсэн юмыг маань уншчих.
Энэ блогийн зорилгыг хүмүүст хэлэхэд:
Би өөрөө тийм лут амьтан юм биш. Компьютер гэж юмыг ойлгох гэж оролдож яваа л залуу. Зарим нэгний чинь хувьд бацаан, заримынх нь хувьд давсаг бололтой.
Лут юм мэддэг та нөхдөд зориулсан эд биш ээ. Харин Мэдээллийн Технологи гэж салбар луу орж яваа, эхлэн суралцаж байгаа, суралцахыг хүссэн бүх хүнд зориулж нээсэн юм. Мөн тодорхой мэдлэг чадвартай хүмүүстэй санал бодлоо солилцож хамтдаа хөгжих санаатай.
Ямартай ч одоогийн байдлаар олон юм бичээгүй ч цаашид тогтмол, анхан шатны зүйлүүдээс эхлээд бодол саналаа хуваалцах болно.
Харин тэр лут мэдлэгтэй, хүн амьтны ах болчихсон, бас ахыгаа балиашиглаж орж ирж үзсэн порноныхоо нервийг гаргадаг хүмүүс бол харин хэрэггүй. Та нарыг уншаач гэж би гуйхгүй, та нараас хойшид ч юу ч гуйхгүй.
Харин өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой, эрүүл сэтгэлгээтэй залуустай санал бодлоо солилцоход хэзээд бэлэн.
Эцэст нь, Миний энэ бичиж байгаа хэл бол Монголчууд бидний бие биетэйгээ ойлголцдог, биднийг бусдаас ялгадаг чухал соёл юм шүү,бүгдэд нь амжилт хүсье.

Tuesday, May 25, 2010

Мэдээллийн Технологийн ёс зүй

Бичиж эхлэхийн өмнө нэг зүйлийг хэлэхэд энэ сэдэв бол их төвөгтэй, маргаантай хэцүү зүйл.
Учир нь Мэдээллийн Технологийн ёс зүй буюу Ethics of Information Technology нь moral буюу ёс суртахуун гээч зүйлтэй шууд холбогддог. Эдгээр зүйлүүдийг тайлбарлахын тулд хэд хэдэн жишээ авах хэрэгтэй гэж бодож байна.
Жишээ 1. Нэг программист байлаа гэж бодъё. Нөхөр нилээн том компанид ажилладаг. Ажилладаг компани нь зохиогчийн эрхтэй програм хангамжтай /copyrighted software/. Харин нэг өдөр манай хүн компанийхаа эзэмшдэг програмуудыг хуулж аваад гэртээ хэрэглэжээ гэж үзье. Энэ бол ёс суртахуунгүй үйлдэл. Программист маань өөрөө тэр програмыг бичсэн байсан ч гэсэн.
Жишээ 2. Нэгэн компани бүх ажилчиддаа өөрийн гэсэн e-mail хаяг нээж өгдөг, өөрийн гэсэн сервертэй байг. Гэвч дарга ажил тарсны дараа тухлан сууж байгаад, бүх ажилчдынхаа хүлээж авсан болон явуулсан шууданг үзээд суудаг бол энэ байж болшгүй бүдүүлэг явдал. Ажлын и-мэйл хаягийг хэдийгээр зөвхөн ажлын зориулалтай хэрэглэх ёстой байтал, хэн нэгэн хувийн зорилготой ашигласан байсан ч гэсэн.
Жишээ 3. Ажлын зүйлийг хувьдаа ашигласан гэсэн санаа дээр дурьдагдсан. Хэрвээ би нэг компанид ажилладаг байлаа гэхэд, ажлын цагаар чатлаад суудаг бол бас л ёс суртахуунгүй асуудал. Надад тэнд суусны маань төлөө дарга мөнгө төлдөг, миний чатлаж байгаа интернэтийн төлбөрийг сар болгон хийдэг шүү дээ.
Жишээ 4. Энд арай өөр төрлийн жишээ авъя. ФМ радионы компани байлаа гэж бодъё. Тэд тодорхой долгионы төлөө засгийн газарт эсвэл зохих ёстой газар нь төлдөг. Одоо харин хүссэн юм аа ярьж чалчиж болох уу? Мэдээж үгүй. Тэдний долгион хүрч байгаа газар нутгийн оршин суугчдын өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй. Учир нь агаарын орон зай гэдэг засгийн газрын юм уу тодорхой албан тушаалтны бүр эсвэл радиогийн компаний ч өмч биш, харин тухайн газар нутгийн амьдран суугчдын өмч байдаг. Телевизийн хувьд ч адил. Монголын тэр олон сувгуудаар учиргүй баахан олон ангит солонгос кино гаргаж байгаа байдал бол ёс суртахуунгүй үйлдлүүдийн маш том жишээ.
Жишээ 5. Алдартай дуучин цомгоо гаргажээ. Цомог маш үнэтэй. Хөгжингүй орны хүмүүс болон өндөр орлоготой хүмүүс цомгийг нь аваад сонсчихож чадна. Гэтэл ядуу буурай орныхонд тийм боломж байхгүй. Нэг нөхөр мөнгөө төлж аваад, интернэтэд upload хийнэ. Мөнгөө төлж авсан тэр нөхөр өөрийн болсон зүйлээ яах нь түүний дур эсвэл хүний бүтээлийн үнэлэмжийг үгүй хийж байгаа хортон. Аль нь вэ?
Эндээс эхлээд маш олон зөв буруугийн тухай асуудал сөхөгдөж ирдэг. Өмнөх 4 жишээ ч гэсэн бас л адилхан. Үүнийг юу зохицуулах вэ? Морал уу? Морал гээчийн хэмжүүр яг юу вэ?

Monday, April 26, 2010

.....

Блог дээрээ юм бичих гэсэн нэг л барьцгүй байгаад байна. Юун талаар мэдээлэл авахыг хүсч байгаа болон сонирхож байгаа зүйлээ хэлвэл блог дээрээ бичье гэж бодлоо.
Мөн жирийн хэрэглэгчид ч гэсэн мэдэхийг хүссэн зүйл байвал хэлээрэй. Аль болох ойлгомжтой энгийн байдлаар тайлбарлахыг хичээнээ.
Баярлалаа.

Sunday, April 25, 2010

"Windows 7"-г орчууллаа гэнэ үү - 2-р хэсэг

2000 гаруй жилийн тэртээ Бурхны хүү гэгч нэг нөхөр төрөөд, хэдэн хүн дагуулж үлгэр ярьж өгсөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн түүх байдаг. Үхснийх нь дараа дагаж явсан улсууд нь түүний хэлсэн үг гээд , манай Монголынхоор бол ардын аман зохиол шиг ярьсаар ном болгожээ. Энэ библи гээч ном нь дэлхий дээр хамгийн олон хэлнээ орчуулагдсан, хамгийн олон зарагдсан ном гэдэг. Яагаад энийг ингэж олон хэлэнд орчуулчихсан юм болоо? Өнгөн дээрээ бол цорын ганц үнэн мөнийг дэлхийн бүх улс үндэстнээ түгээн дэлгэрүүлж таниулах. Гэвч гол санаа нь бол зүгээр л шашнаа сурталчлах үйл явц.
Гэтэл манай улсад буддын шашны хэдэн лам нар нь юу ч юм бүү мэд баахан юм амандаа үглээд суудаг. Юу гээд байгааг нь ёстой Бурхан Будда, уншиж байгаа шар дээлтэй халзан толгойтнууд л ойлгодог байхдаа. Гэвч манай улсын хүн амын бараг тал нь өөрсдийгөө буддын шашинтан гэдэг ба олонхи нь амьдралдаа буддын шашинтай холбоотой ганц ном уншчихаагүй л байдаг.
Энэ нь магадгүй шар хувалзнуудын ном дор мөргөмүй гэж өмнөө сөхрүүлэх гэсэн "атгаг" санаа нь маш сайн биеллээ олж буйн илрэл биз ээ.
Энэ бүгдийг хараад, өшөө дэлгэрүүлж бодвол нөгөө "Windows 7"-г орчуулах нь зөв юм шиг болж таарч байгаа биз? Хийгдсэн зүйлийг дахиж хийх биш уншиж ойлгоод цааш нь дэлгэрүүлэх гэдэг хүн төрөлхтний хөгжлийн түлхүүр байсан болов уу гэж миний өчүүхэн тархи ойлгодог билээ. Тэгэхээр Mac-OS, Linux, Windows гээд бүх үйлдлийн системүүдийг орчуулж, нөгөө хүүхэд хөгшдийнхөө хэрэглээнд гаргаачээ нөхдөө.
Яагаад гэнэт өмнөхөөсөө өөр юм бичээд явчихваа гэж гайхаж байж болох юм. Учир нь ганц юм бичээдэхсэн чинь хүмүүс "хүчтэй" "шүүмжилж" байна аа. Нөхдөө та нарт баярлалаа. Миний бичсэн юмыг тоож уншиж сэтгэгдэл бичдэгт. Би үүнээс гадна өөр блогтой ба маш олон бичлэгтэй. Олон сэтгэгдэл, шүүмж хүлээж авч байлаа. Харин заримдаа, заримдаа ч юу байхав ер нь шүүмжилсэн маягийн сэтгэгдлүүд үнэхээр сонин санагддаг.
Тиймэрхүү сэтгэгдлийн хандлага нь нэг иймэрхүү байдаг:
1. Би наадахтай чинь санал нийлэхгүй, тийм учраас буруу
2. Чи яасан ч зөв юм бичих ёсгүй
3. Яадаг ч байсан энийг доромжилно шүү

Ажил хэрэг ярьж бичсэн юманд ажил хэрэгч шүүмж өгвөл би хувьдаа талархах болно. Дээрх шашны жишээг татаж үйлдлийн систем, програм хангамжуудыг орчуулах нь зөв гэдгийг тайлбарлаж болох ба, үүнээс гадна өчнөөн олон зөвтгөх жишээнүүд бий. Тэднийг бичиж шүүмжилсэн бол маш их талархах байлаа.
Зөвхөн Энэтхэгээр жишээ татсан чинь өрөөсгөл байна гэдэг бол зөв зүйл ба бас Солонгосын талаар дурьдсан байсан. Би хувьдаа Англи, Солонгос, Хятад, Франц, Итали, Орос зэрэг хэлүүд дээр Виндовс үйлдлийн системийг харж байсан. Өөр маш олон хэлнээ орчуулагдсан байдаг ба Монгол хэл дээр орчуулж гаргах нь буруу зүйл биш тийм үү?

Европын орнууд ер нь л өөрийнхөө хэл дээр орчуулсан байдаг. Гэвч европын ихэнх орны хувьд англи хэл 2 дахь хэл нь болчихсон байдаг. Миний хэлээд байгаа хэл сурах хэрэгтэй гээд байгаа санаа тэдэнд огт хамаагүй. Өнөөдөр англи хэл хаана сайн мэдэж байна, тэнд хөгжил бий. Хөгжил хаана байна, тэнд англи хэл өндөр түвшинд бий. Энэ бол vise-versa.
"Орчуулагчдын" хэлээд, өмнөө түрий бариад байгаа нөгөө хүүхэд хөгшид чинь юу ч болж байсан орчуулахыг нь хүлээгээд суух уу? Монголын хүүхдүүд дэлхий дээр шинээр бий болж байгаа зүйлийг орчуулахыг нь хүлээгээд суудаг байхыг би лав хүсэхгүй байна. Мөн ирээдүйн хөгшид орчуулагдаагүй байна гээд мэдээлэл хүртэж чадахгүй, өнөөгийн хөгшид шиг сууж байхыг би лав хувьдаа хүсэхгүй байна. Улс орон хөгжиж байгаа юм бол 50 жилийн дараах өвгөн, өнөөдрийн өвгөнөөс илүү л "сэргэлэн" байх хэрэгтэй.
Олон хүн Хятадаар жишээ авах дуртай. Хужаа нар өөрсдийнхөө хэл дээр хэрэглээд байна л гэнэ. Хятад ингэхэд хөгжөөд байгаа юм уу? Байшин барилга, эдийн засгийн өсөлт, улсын төсвийн хэмжээг нь харвал гараа алдлаад алдлаад багтахгүй том том тоонууд бий. Гэвч Монголын ирээдүйг хятад тариачин шиг, хятад барилгачин шиг байлгамааргүй байна. Компьютер тоглох мөнгөө олох гэж заазуур балиус, бараг сэлмээр биенээ алдаг байлгамааргүй байна. Улс орны хөгжил өндөр байшиндаа биш хүний хөгжилдөө, хүний толгой дахь мэдлэгээр л хэмжигдэнэ. Тэр мэдлэг, хөгжингүй орнуудын соёл, ёс заншил, нээлтүүдтэй бид хоцрохгүй танилцахын тулд англи хэл л хэрэгтэй. Яагаад гэвэл интернэт чинь англи хэл дээр байдаг шүү дээ? Үгүй юм болов уу? Браузэр дээрээ монголоор бичээд, Обамагийн монголоор хэлсэн үгийг гаргаад ирдэг арга байвал хэлж өгч тус болоорой. Хэлсэн үгийг нь монгол хэл рүү орчуулсан биш, монгол хэлээр хэлсэн үг шүү!
Магадгүй зарим нь Өмнөд Солонгос үйлдлийн системээ солонгос хэлээр орчуулаад хэрэглэдэг, энэ бол өндөр хөгжилтэй улс гэж хэлж болох юм. Зөв өө зөв, 50 жилийн өмнө бид Монгол шиг л байлаа гэж ярих дуртай улс. Яагаад тэд гадаад хэл суралгүйгээр өдий зэрэгтэй хөгжчихсөн юм болоо? Яагаад гэвэл тэр үед дэлхийн бүх улс орон дэлхийн 2-р дайныхаа хямралаас гараагүй, бүгд "нойл"-оос эхэлсэн юм. 2 их гүрний тулааныг дагаж, өөрсдөө бүх зүйлээ бүтээж, 90-ээд он хүртэл 40-өөд жил дэлхийн улс орнууд явж ирсэн. Энэ үед зөв бодлого барьж, хөдөлмөрлөсөн улс орнууд өнөөдрийн хөгжингүй гээч улсууд болчихсон юм гэж надад харагддаг. Эдний нэг нь нөгөө Солонгос орон чинь. Харин энэ үед Монгол юу хийж байсан юм болоо? НҮБ-д элссэн, их удирдагч нь улс орноо хойд хөршдөө өгөх гээд олон нийтийн санал асуулга явуулснаас өөр томоохон үйл явдал болсон эсэхийг яг үүнийг бичиж суухдаа лав санахгүй байна шүү.
Эргээд нөгөө Солонгос руу чинь оръё. Солонгост очоод их сургуулиуд дээр нь очиж шүлсээ гойжуулж байлаа. Мөн том том судалгааны төвүүд дээр нь очиж байдаг гэдгийг нь ч төсөөлөөгүй зүйлүүдийг маань Солонгосын ард түмэн хэрэглэж байгаад үнэхээр атаархаж байв. Очиж үзсэн газруудын нэг нь KARI гэгч Солонгосын сансар судлалын институт. Хиймэл дагуулаа хийж байгааг нь дээрээс нь яг л Америк кинон дээр гардаг лаборатори шиг харж явсан юм. Би биш юм аа гэхэд, төрөөгүй байгаа хүүхэд маань ийм лабораторит эх орондоо ажиллаж байх болов уу гэж мөрөөдөх, асуух, эргэцүүлэхийн завсар өөртэйгөө ярьж байснаа тодхон санаж байна.
Энэ улс хөгжчихжээ, бид харин тээр хол хоцорчихсон байна. Бид эдний хийснийг үзэж, уншиж судалж, мэдэж авах хэрэгтэй. Гэхдээ, алив орчуулаад өг, би уншъя гэж биш. Өөрсдөө интернэт гэж юмаар хайж олж авч үзэх л чухал. Үүнд Монголын ирээдүйг өнөөдрөөс бэлдэхгүй бол улам л хоцорно шүү дээ.
Загас барьж өгөх биш барих аргыг нь зааж өг гэдэг хэлц сүүлийн хэдэн жил их хэрэглээд байгаа билүү? Тэгвэл мэдээлэл олж авах хэлийг нь зааж өг, битгий орчуулж өг.

Monday, April 19, 2010

"Windows 7"-г орчууллаа гэнэ үү

Би бээр энэ писитэй холбоотой зүйлүүдийг учиргүй орчуулаад байдгийг гайхахын хажуугаар эсэргүүцдэг нэгэн юм. Хэдийгээр нас залуу ч гэлээ бараг 20-иод жил компьютер гээч юмтай харьцаж байна. Үнэхээр нарийн мэргэжилтнүүдийн хажууд юу ч мэдэхгүй хүүхэд ч гэлээ, жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг шиг нүүрэн талд нь харагдаж байгаа юмны цаана юу болоод байгааг бол ойлгоод байдаг юм.
Ноднин жил Limnux гэгч Монголын Linux үйлдлийн систем хэрэглэгчдийн групын уулзалтан дээр очсон юм. Тэнд ирсэн хүмүүс бүгд л Лайнукс үйлдлийн системийн гайхамшигтайг нь магтахын сацуу монгол хэлнээ орчуулах ажил гээч юмныхаа талаар ярина. Хийж байгаа ажлаа маш чухал, эх орны минь ирээдүй хойч үеийн компьютер гээч аугаа зүйлтэй танилцаж, суралцахад нь гайхамшигтай хувь нэмэр оруулж байгаа гэдэгтээ гүн бат итгэчихсэн улсууд байлаа. Хэдэн цагийн турш орчуулах хэрэггүй гэж маргалдах хэрэлдэхийн завсраар ярилцсаар салцгаасан юм. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр өөрөө юу ч хийхгүй байж, юм хийж байгаа хүмүүст саад болоод юүхэв гэж балчир оюундаа тунгаан энэ талаар дахиж ярихгүй байхаар шийдсэн байсан юм. Гэтэл саяхан Windows 7 гээч Microsoft компанийн хамгийн сүүлд гаргасан үйлдлийн системийг орчуулжээ гэнэ ээ.
Миний хувьд битгий орчуулаачээ, орчуулах хэрэггүй гэдгийг доорхи үндсэн зүйлүүд дээр тулгуурлан хэлдэг юм.
1. Монгол хэлнээ орчуулсан хэд хэдэн ном, програмууд харж байсан. Үнэндээ тэднийг ойлгож хэрэглэх тун хэцүү. Хэдийгээр англи хэлэнд тийм сайн биш ч гэлээ мэдээллийн технологитой холбоотой ямар ч зүйлийг англи хэл дээр унших нь илүү ойлгомжтой байдаг. Энд би 2 зүйлийг жишээ болгон татъя. Эхнийх нь Мозилла ГалтҮнэг гэж програм хангамж. Ихэнх нь үүнийг мэдэх байлгүй дээ. Яагаав нөгөө веб хуудас дуудаж үздэг браузер гээч зүйл. Англи хэлэн дэх Firefox гэдэг үг нь надад хэзээ ч "галтүнэг" гэж ойлгогдож байгаагүй бөгөөд, анх санамсаргүй байдлаар монгол галтүнэгийг татчихаад гайхаж байлаа. Тэрийг хэрэглэж сурах гэж нэг хэсэгтээ л будилж байгаад, өөрийн эрхгүй "бууж өгөөд" эргээд англи хэл дээрхийг хэрэглэдэг болсон. Дахиж л орчуулгын програм хангамж хэрэглэхгүй гэсэн шийдэлд хүрсэн юм. Үүнд түлхэц өгдөг өөр нэг зүйл бол миний жишээ татах гэж байгаа 2 дахь зүйл юм.
Хүүхэд бүхэнд өөрийн гэсэн романтизм байдаг хойно би ч гэсэн хакер болчих санаатай байлаа. Тэгээд та бүхэн бас мэдэх байхдаа, "Хакер" гээч Жаргал гэгч автортой ном байдаг. Уг номыг бичсэн Жаргал гэгчийг өндөр түвшний мэдлэгтэй, магадгүй хакер гээд хэлчихэж болох хүн гэж хувьдаа бодож, манай оронд нэг ч гэсэн мэдлэгтэй боловсон хүчин байгаад баярлаж явдгаа нуух юун.
Уул нь би монгол хүн, монгол хэлэндээ ч муугүй нэгэн боловч тэр номыг хаанахаар бичсэнийг ойлгоогүй гэвэл дэгсдүүлсэн болохгүй болов уу гэж найдаж байна. Уг номын бичиглэл болоод үгийн сонголт үнэхээр ядруу. Яагаад гэвэл зохиогчийн хэлтэй эсвэл зохиолчийн мэдлэгтэй бол холбоогүй. Үүнийг би дараагийн хэсэг дээр тайлбарлая.
Харин номны талаар дахиад нэг үг хэлчихэд мэдлэг олгох ном бол биш, мэдээллийн чанартай ном болсон гэдэгт зарим нэг нь санал нийлэх бизээ. Information is not an Education гэж үг байдгийг дурьдаад өнгөрье.
2.Түрүүн хэлсэн, тэр ном яагаад муу болсон бэ? Яагаад гэвэл бидний аялгуу сайхан монгол хэл маань хангалттай үгийн баялаггүй юмаа. Гэхдээ энэ үгийг гэгээн оюундаа сайтар тунгаан бодно байх гэж найдаж байна. Учир нь бидний эх хэлэнд маш сайхан үгнүүд зөндөө байдаг, үүнийг алдартай уран зохиолын ном шүлэгнүүдээсээ бид харж болно. Мөн Аким гуайн, Бямбын Ринчен гуайн орчуулгын бүтээлүүдээс гайхамшигтай үгийн сонголтуудыг үзэж унших боломж бидэнд бий. Гэвч аливаа хэл тухайн улс үндэстнийхээ соёл, ёс заншил, түүх бичигтэй шууд холбоотой байдаг. Мөн аливаа хэлний баялаг шинээр үг зохиох, өөрийн болгон удамшуулах гэсэн аргуудаар баяжиж байдаг. Харин манай нөгөө "орчуулагчид" эдгээр зүйлүүдийг үл тоон шууд махчлан орчуулах гээд дайраад байгааг үнэхээр гайхдаг. Өнөөдөр англи хэлэнд өдөр болгон хэдэн зуугаараа шинэ үгнүүд бий болж байна. Шинэ нээлт хийгдэхэд бүтээсэн эзнээр нь нэрлэх, бүтээл юутай холбоотой буйгаас шалтгаалж 2 болон түүнээс олон тооны үг нийлүүлэн нэрлэдэг.Гэвч эдгээр нь манай аялгуу сайхан хэлэнд байхгүй шүү дээ. Бид тэрийг нь шууд хэрэглэх эсвэл өөриймшүүлж авах хэрэгтэй. Жишээ нь, миний маш олон юманд байнга дурьддаг нэг зүйл бий. Арабын хагас нүүдэлчин хүмүүсийг "бедиун" гэж нэрлэдэг, үүнийг монгол хэлэнд "бядан явагч" гэж орчуулдаг. Анхны үгнээсээ дуудлага нь бараг зөрөхгүй мөртлөө бидний өөрсдийн хэлний дуудлагатай ижил байдлаар ингэж орчуулдгийг Аким гай "100 жилийн ганцаардал" номыг орчуулахдаа тайлбарласан байдаг.
Мөн Server гээч үгийг бид сервер л гэдэг, үүнийг орчуулаад хэрэглээд явж байгаа систем администратортой би урьд хожид хэзээ ч таарч байгаагүй ба хойшид ч учрахгүй биз ээ.
Өөрийн санааг тайлбарлах 3 дахь зүйл бол 2 дахь тайлбарын төгсгөлөөс ерөнхийдөө цухалзаж эхэлж байна.
3. Дэлхий ертөнцийн хөгжил англи хэл дээр оршин тогтнож байна. Гэтэл манайхан юм л бол хэл мэдэхгүйгээрээ гайхуулцгаадаг. Надаас юм асуусан хүнд интернэтээс хайж байгаад нэг вебсайт олж өгөхөөр би наадхыг чинь уншаад ойлгохгүй гэж гайхуулах нь холгүй хэлэхийг яана. Ийм байж болохгүй ээ. Бид анх нэгдүгээр ангид ороод "Цагаан толгой" гээч юм заалгаад, уншиж бичиж сурсан маань, сурч мэдэхийн эхлэл байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Уншиж бичиж сурсныхаа хүчээр бид цааш цаашдаа анги дэвшин, ном сурах бичигтэйгаа харьцаж сурах эхлэл нь тавигдсан юм.
Мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжилтэй хүмүүс Мурийн /Moore's law/ гэж сайн мэдэх байх. Өнөөгийн шинэ нээлт, бараа бүтээгдэхүүний үнэ гээд бараг бүх юм энэ онолоор тайлбарладагдаж байна. Шинэ бүхэн англи хэл дээр гарч байна. Ийм байхад монголчууд бид англи хэл сурахгүй бол дэлхий ертөнцөөс нэг алхам биш бүр нилээд хэдэн алхам хоцорч явах болоод байна. Тийм болохоор нэг нь орчуулуулж, нөгөө нь орчуулах биш нэг нь хэл сургаж, нөгөө нь хэл сураач ээ гэж мөхөс би хүн бүрээс хүсдэг юм.
Миний хувьд Энэтхэг гэж улсад ирж сурах гээд 8 сарын нүүрийг үзэж байна. Энэ улсын мэдээллийн технологийн хөгжил, мэдээллийн технологийн сургалт нь өндөр түвшинд байдаг гэдэг, нууц нь юундаа вэ? Энэтхэг багш нар сайн заадагт уу? үгүй, Энэтхэг хүүхдүүд ухаантайд аа юу? үгүй, шалтгаан нь ердөө л англи хэл.
Багаас нь хичээлийг нь англи хэл дээр орж, англи хэл дээр ном уншиж өссөн энэ хүүхдүүдэд эх хэлнээс нь нэг их ялгаагүй болчихсон байдаг. 1947 онд Английн колониос гарч, тусгаар улс болсны дараа Жавхарлал Неру-ийн гаргасан шийдвэр 50 жилийн дараа үр дүнгээ өгсөн нь энэ байх гэж би боддог. Энэтхэгт ийм шийдвэр гаргахад түлхэц үзүүлсэн олон шалтгаан байсан байхыг үгүйсгэхгүй.
1961 онд Энэтхэг орон 1200 гаруй хэл хэрэглэж байна гэсэн тооцоо гаргасан байдаг ба өнөөдөр 347 хэлээр ярьж байна. Үндсэн хуулиндаа үндэсний хэлүүд гэж 22 хэлний нэр бичсэн ба мөнгөн дэвсгэрт дээр нь нийт 18 өөр хэлээр бичсэн байдаг. Ийм улс оронд united хэл хэрэгтэй нь гарцаагүй. Дээр дурьдсан 22, 18 хэлнүүдийн нэг нь англи хэл. Энэтхэгийн хойд хэсгийн хүн, өмнөд хэсгийн хүнтэйгээ ярих ижил ганц хэл нь англи хэл байдаг. Арга ч үгүй биз, хамгийн их хүн хэрэглэдэг хинди хэлээр нийт хүн амын 40 хүрэхгүй хувь нь ярьдаг.
Эдгээр шалтгаануудыг тоочвол аль нь ч бидний нөхцөл байдлаас тэс өөр. Гэвч тэс өөр байдал нь биднийг ижил шийдвэр гаргах нөхцөл болж байна гэж харж байна. Монгол хэлээр хэдэн сая хүн ярьдаг билээ? Монгол хэл дээр хэдэн ном байдаг билээ? Монгол хэл мэддэг хүмүүс маань хэр их юм мэддэг билээ? эдгээр асуултуудад бүгдэд нь "бага, цөөхөн" гэсэн үгтэй ижил утгатай хариулт өгөгдөх байх.
"Хаалгаа хаагаад" , сая 500-гаа авъя гэж орилохын оронд дэлхий ертөнцөөс түрүүлдэггүй юмаа гэхэд хол хоцорчихгүйн тулд бид хэл сурахаас өөр аргагүй.

Sunday, April 4, 2010

Сая гэнэт анзаарлаа

Блогийнхоо нэрийг бичихдээ "equil" гээд буруу биччихсэн байна. Сая л анзаарлаа. Гэхдээ одоо яаая гэхэв ингээд байж байг тэ

Monday, March 22, 2010

Гадны халдлагаас хэрхэн хамгаалах тухай: 100 хувь найдвартай арга

Писинийхээ ард сууж байхад мессенжэрээр хүмүүс миний тийм юм болохоо байчихлаа, тэр ч ингэчихлээ яах уу гээд зөндөө асуулт асуудаг. Энд тэнд форумуудаар явж байхад писинд нь асуудал гарлаа яах уу, энийг яаж янзлах уу гэсэн асуултууд зөндөө байдаг.
Зарим хүмүүсийн писи нь гацаад бүр яг ертөнцийн төгсгөл ирчихсэн юм шиг л байдаг. Хэрвээ таны писи гацаад болохгүй, вирустчихсэн ч юм уу байвал санаа зоволтгүй. Яагаад гэвэл:
1рт: Наад зовлон чинь хүн бүрт тохиолддог юм.
2рт: Таны бие өвдчихсөн биш нэг муу техникийн програм хангамж л болохоо байгаа биз.
Компьютерээ вирусээс хэрхэн хамгаалах вэ гэхээр янз бүрийн анти-вирус програм санал болгоцгоодог. Энийг буруу гэхгүй ч, энэ бол асуудлыг шийдчихэж байгаа гэсэн үг биш. Гадны халдлага, довтолгоо, вирус, эвдрэл гэмтлээс програм хангамж ердөө 10 хувь л хамгаалдаг гэж мэргэжилтнүүд хэлдэг. Үлдсэн 90 хувь нь хэрэглэгч танаас шууд хамаарна. Тэгэхээр энэ чинь хамгаалалт гэж огт байхгүй, янз бүрийн програм хангамжууд, мэргэжилтнүүд юу хийгээд байдаг юм гэж бодож байна уу? Тэгж бодож байгаа бол зөв. Вирус гэж юу болох, яаж ажилладаг, вирусээс хэрхэн хамгаалах, хакерууд яаж довтолдог, яаж өөрийнхөө хувийн нууцыг хадгалж үлдэх зэрэг хэрэглэгчийн түвшний хамгаалалтуудын талаар би цаашдаа цуврал маягаар бичих болно.
Хэн нэгэн 100 хувь найдвартай хамгаалах арга бий юу гэж асууж болох юм. Мэдээж байгаа, хэн ч таны писи рүү нэвтэрч, таны юу хийж байгааг, таны компьютерт юу байгааг олж авч чадахааргүй болгох найдвартай арга бий.
Яг одоо интернэтээс салгаад, писигээ унтраагаад, тогноос нь салгаад, хайрцаганд нь хийгээд баглачих.

Tuesday, March 16, 2010

Блогоо "мартчихжээ"

Энд нэг ийм блог нээгээд "мартчихаж". Одооноос эхлээд аль болох ойрхон давтамжтайгаар блогтоо юм нэмж бичнээ.
Бичсэн зүйл маань таалагдвал хажуу талын Google Adsense дээр дарчихаад гарч байгаарай :D